40 дугаар зүйл. Өрийн бүртгэл
40.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан Засгийн газрын өрийн хязгаарыг нэрлэсэн дүнгээр тооцож, бүртгэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
40.2.Засгийн газрын гадаад зээлийн гэрээний мэдээллийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулах бөгөөд зээлийн ашиглалт гарсан өдрөөс эхлэн өрд бүртгэнэ.
40.3.Засгийн газрын болон аймаг, нийслэлийн үнэт цаасыг төлбөр тооцоо хийгдсэн өдрөөр нь өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, өрд бүртгэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
40.4.Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний мэдээллийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, зээлийн ашиглалт гарснаар авлагад бүртгэнэ.
40.5.Засгийн газрын өрийн баталгааг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулна.
40.6.Энэ хуулийн 37.3-т заасан шийдвэрт үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн өрийн баталгааны Засгийн газрын төлбөл зохих төлбөрийн үүргийн дүнг бүртгэнэ.
40.7.Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөр өрийн мэдээллийн нэгдсэн санд оруулж, концессын гэрээний дагуу улирал бүр гарсан ашиглалтыг үндэслэж Засгийн газрын өрд бүртгэнэ. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
40.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.2-т заасан Засгийн газрын зээл болон Засгийн газрын өрийн баталгааны бүртгэлийг хөтөлнө.