39 дугаар зүйл. Өрийн мэдээллийн нэгдсэн сан
39.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж хөтөлнө.
39.2.Өрийн мэдээллийн нэгдсэн санд дараах мэдээллийг төвлөрүүлнэ:
39.2.1.улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон өрийн баталгааны үлдэгдэл;
39.2.2.Засгийн газрын үнэт цаасны арилжааны талаархи мэдээлэл, хуваарь;
/Энэ заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
39.2.3.Засгийн газрын гадаад зээллэг, тэдгээрийн ашиглалт, гүйцэтгэл, дамжуулан зээлдүүлсэн зээл;
39.2.4.дэд болон эцсийн зээлдэгч, Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчийн төлбөрийн чадварын байдал, холбогдох гэрээний хэрэгжилт;
39.2.5.Засгийн газрын өрийн баталгаа болон зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаарх мэдээлэл.
39.2.6.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.2-т заасан Засгийн газрын зээл болон баталгаа;
39.2.7.болзошгүй өр төлбөрийн мэдээлэл;
39.2.8.улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын санхүүжилтийн гэрээнээс үүсэх өрийн мэдээлэл; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
39.2.9.аймаг, нийслэлийн өрийн мэдээлэл;
39.2.10.Засгийн газрын тусгай сангуудын өрийн мэдээлэл;
39.2.11.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өр;
39.2.12.холбогдох бусад мэдээлэл.
39.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн мэдээллийн нэгдсэн санд энэ хуулийн 39.2-т заасан мэдээллийг тогтмол бүрдүүлж, тухай бүр шинэчилнэ.
39.4.Өрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийн 39.2-т заасан мэдээллийг дараах байгууллага нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүр тогтмол хүргүүлэх үүрэгтэй:
39.4.1.төсвийн ерөнхийлөн захирагч;
39.4.2.төсвийн төвлөрүүлэн захирагч;
39.4.3.төсвийн санхүүжилт бүхий байгууллага;
39.4.4.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд;
39.4.5.Монголбанк, Хөгжлийн банк;
39.4.6.дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээний дэд зээлдэгч болон эцсийн зээлдэгч;
39.4.7.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагч;
39.4.8.холбогдох бусад этгээд.
39.5.Өрийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл хүлээн авах, төвлөрүүлэх, өр төлбөрийг бүртгэх, тайлагнах журмыг маягт, зааврын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ.
39.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн удирдлагын ил тод байдлыг хангах зорилгоор улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаар жилд нэг удаа олон нийтэд мэдээлнэ.
39.7.Энэ хуульд заасан этгээд нь өрийн мэдээллийн нэгдсэн санд мэдээллийг үнэн зөв, цаг хугацаанд нь бүртгэж, хадгалах, хамгаалах үүрэгтэй.