38 дугаар зүйл. Өрийн удирдлагын ил тод байдал, хэрэгжилт
38.1.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаарх мэдээлэл, бүртгэл, тайлагналт ил тод байна.
38.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өрийн удирдлагын ил тод байдлыг дараах хэлбэрээр хангана:
38.2.1.өр төлбөрийн бүртгэл, тайлагналтыг хууль тогтоомжид зааснаар хэрэгжүүлэх;
38.2.2.улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаарх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, бүртгэл хөтлөх, мэдээлэх;
38.2.3.стратегийн баримт бичиг, зээллэгийн төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт, улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон өрийн баталгааны дүн, тооцооллын талаар Улсын Их Хурал, Засгийн газарт тайлагнах.
38.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын өр болон өрийн баталгааны үлдэгдлийг улирал бүр, дунд, урт хугацааны өрийн үйлчилгээний төсөөллийг жил бүр тооцоолон гаргаж, олон нийтэд мэдээлнэ.
38.4.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын нийт гадаад өрийг Монголбанктай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлнэ.
38.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын нийт гадаад өр, өрийн шалгуур үзүүлэлт, Засгийн газрын өрийн баталгааны талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хагас жил бүр, шаардлагатай тохиолдолд тухай бүр тайлагнах үүрэгтэй.