6 дугаар зүйл. Өрийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Өрийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх

6.1.Засгийн газрын өрийн удирдлагын харилцаанд оролцогч этгээд нь энэ хуулийн 5.1-д заасан өрийн удирдлагын зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй.

6.2.Энэ хуулийн 5.1.1-д заасан удирдлагын нэгдсэн тогтолцоотой байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.2.1.Засгийн газар, орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгаа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Улсын Их Хурлаас баталсан урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.2.Засгийн газар, орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгааг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хянасан байх;

6.2.3.Засгийн газрын зээллэг, Засгийн газрын өрийн баталгааг Улсын Их Хурлаас, орон нутгийн зээллэгийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж байх;

6.2.4.Засгийн газар, орон нутгийн зээллэг, өрийн баталгаа, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах.

6.2.5.энэ хуулийн 12.1.5-д заасан зориулалтаар хийх Засгийн газар, орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгаа нь эдийн засгийн бодит үр өгөөж өгөх боломжтой байх. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.3.Энэ хуулийн 5.1.2-т заасан өрийн зохистой түвшинг хангах зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.3.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан шаардлагыг хангасан байх;

6.3.2.Засгийн газрын шинээр үүсгэх өр болон гаргах өрийн баталгаа нь энэ хуулийн 17.1-д заасан дээд хэмжээнд нийцсэн байх;

6.3.3.Засгийн газар болон орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгаа, болзошгүй өр төлбөр, тэдгээрийн үр нөлөө нь ирээдүйд өрийн дарамт учруулахгүй байх;

6.3.4.урт хугацаанд Засгийн газрын өрийн зохистой түвшинг хангах замаар Засгийн газрын өрийн удирдлагыг хэрэгжүүлэх.

6.4.Энэ хуулийн 5.1.3-т заасан өр үүсгэж бий болгосон хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.4.1.Засгийн газрын өрийн баталгаа гаргах болон Засгийн газар, орон нутгийн зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 7.1.6, 35.4-т зааснаас бусад тохиолдолд нийгмийн үр өгөөжтэй, эдийн засгийн үр ашигтай байх;

6.4.2.энэ хуульд өөрөөр заагаагүй бол арилжааны нөхцөлтэй гадаад зээллэгийн эх үүсвэрээр эргэн төлөгдөх чадвартай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх;

6.4.3.тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа нь түүнийг санхүүжүүлэх зээллэгийн эргэн төлөх хугацаанаас илүүгүй байх чиглэл баримтлах;

6.4.4.гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх чиглэл баримтлах;

6.4.5.хууль болон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол өр үүсгэж бий болгосон хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулах.

6.4.6.төсөл, арга хэмжээг тогтоосон хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.4.7.санхүү, төсвийн зохистой, үр ашигтай удирдлагыг хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.4.8.энэ хуулийн 24.2-т зааснаас бусад зардал, үр өгөөжийн тооцооллыг хийж, үр ашигтай төслийг санхүүжүүлж, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.5.Энэ хуулийн 5.1.4-т заасан ил тод байдлыг хангах зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.5.1.хуульд өөрөөр заагаагүй бол улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг улирал тутам олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.5.2.Засгийн газар болон орон нутгийн зээллэг, өр төлбөр, Засгийн газрын өрийн баталгаа, болзошгүй өр төлбөр нийтэд ил тод байх.

6.5.3.хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Засгийн газраас гадаад улс, олон улсын байгууллага болон банк, санхүүгийн байгууллагаас зээл авах аливаа гэрээ, хэлэлцээр хийх, үзэглэх, батлах, соёрхон батлах үйл явцыг тухай бүр нийтэд ил тод мэдээлэх; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.5.4.энэ хуульд заасны дагуу улсын нийт гадаад өр, Засгийн газрын өр болон Засгийн газрын өрийн баталгаанд хамаарах зээл авах, зээлийн гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах бүрд зээлийн нийт хэмжээ, эргэн төлөх хуваарь, хүү, зээлийн зориулалт зэргийг тухай бүр нийтэд мэдээлэх. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.6.Энэ хуулийн 5.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

6.6.1.өрийн удирдлагын талаарх төрийн байгууллагын эрх хэмжээг хуульд заасны дагуу хэрэгжүүлэх, хуулийн шаардлага, хэм хэмжээг зөрчихгүй байх, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх;

6.6.2.энэ хуульд заасны дагуу өр үүсгэж байгаа аливаа этгээд нь зээллэгийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах, төсвийн сахилга батыг сахих;

6.6.3.энэ хуульд заасны дагуу өр үүсгэж байгаа аливаа этгээд нь өр төлбөрийн үүргээ хууль болон гэрээнд заасны дагуу хугацаанд нь төлж барагдуулах, санхүүгийн хариуцлагатай байх;

6.6.4.энэ хуулийг зөрчиж өр үүсгэх замаар эх үүсвэр бүрдүүлэхгүй байх;

6.6.5.холбогдох этгээд нь Засгийн газрын өрийн баталгаа гаргасан болон өр үүсгэж бий болгосон хөрөнгө, түүгээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг энэ хуульд заасны дагуу гаргаж тайлагнах.

6.6.6.үйл ажиллагааны шуурхай, хариуцлагатай, тогтвортой байдлыг хангах. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

ӨРИЙН УДИРДЛАГЫН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ЧИГ ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.