3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."барааны тэмдэг" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг;

3.1.2."хамтын тэмдэг" гэж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хуулийн этгээдийн нэгдсэн хяналтын доор түүний гишүүд ашиглах барааны тэмдгийг; /Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.3."гэрчлэх тэмдэг" гэж тухайн бараа, үйлчилгээний чанар, үйлдвэрлэх арга, бусад онцлог шинж чанарыг эрх бүхий байгууллага гэрчлэн бусад этгээдэд ашиглуулах барааны тэмдгийг;

3.1.4."газар зүйн заалт" гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрийг; /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.5."бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалт" гэж хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэсэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг;

3.1.6."гэрчилгээ" гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг гэрчилж, төрөөс олгож байгаа баримт бичгийг;

3.1.7."барааны тэмдэг эзэмшигч" гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг;

3.1.8."газар зүйн заалт хэрэглэгч" гэж газар зүйн заалтыг өөрийн бараа, бүтээгдэхүүнд ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг;

3.1.9."мэдүүлэг" гэж барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгүүлэхийг хүссэн иргэн, хуулийн этгээдээс оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаа өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг;

3.1.10."мэдүүлгийн бүрдлийн хяналт" гэж энэ хуулийн 6, 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах чиглэлээр оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааг;

3.1.11."шүүлт" гэж тухайн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 5, 20 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг;

3.1.12."лицензийн гэрээ" гэж барааны тэмдэг эзэмшигч бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээдэд ашиглуулах тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулсан хэлцлийг; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.1.13."нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг" гэж бүртгэгдсэн эсэхээс үл хамааран Монгол Улсын тухайн салбарт нийтэд танил болсон барааны тэмдгийг;

3.1.14."албан ёсны тогтмол хэвлэл" гэж Оюуны өмчийн тухай хуулийн 3.1.4-т заасныг; /Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.15."анхдагч огноо" гэж энэ хуулийн 7.2, 11.2, 23.2-т заасан он, сар, өдрийг;

3.1.16."давамгайлах огноо" гэж мэдүүлгийн анхдагч огнооноос өмнө Парисын конвенцийн гишүүн болон Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн аль нэг улсад уг барааны тэмдгийг бүртгүүлэхээр мэдүүлсэн он, сар, өдөр, эсхүл Парисын конвенцийн 11 дүгээр зүйлд заасан он, сар, өдрийг; /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.17."бараа, үйлчилгээний ангилал" гэж 1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ниццийн хэлэлцээрээр баталсан "Бараа, үйлчилгээний олон улсын ангилал"-ыг;

3.1.18."барааны тэмдгийн олон улсын мэдүүлэг" гэж Мадридын хэлэлцээр, Мадридын протоколын дагуу Дэлхийн оюуны өмчийн байгууллагын оюуны өмчийн олон улсын товчоо /цаашид "Олон улсын товчоо" гэх/-оор дамжуулан гаргасан мэдүүлгийг;

3.1.19."Парисын конвенци" гэж 1883 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, нэмэлт, өөрчлөлт оруулж хянан засварласан Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийг;

3.1.20."Мадридын хэлэлцээр" гэж 1891 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан, нэмэлт, өөрчлөлт оруулж хянан засварласан Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийг;

3.1.21."Мадридын протокол" гэж 1989 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийн протоколыг;

3.1.22."Нийтлэг журам" гэж Мадридын хэлэлцээр болон Мадридын протоколыг хэрэгжүүлэх журмыг.

/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын12-ны өдрийн хуулиар нэмсэн./

БАРААНЫ ТЭМДГИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.