33 дугаар зүйл. Барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох
33.1.Барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:
33.1.1.барааны тэмдэг, газар зүйн заалтыг энэ хуулийн 5, 20 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол;
33.1.2.барааны тэмдэг нь Парисын конвенцийн гишүүн аль нэг улсад тухайн барааны тэмдгийн хувьд онцгой эрх эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр түүний төлөөлөгч, эсхүл бараа, бүтээгдэхүүнийг борлуулагч этгээдийн нэр дээр бүртгэгдсэн бол.
33.1.3.барааны тэмдэг эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барааны тэмдгийг таван жилийн турш ашиглаагүй бол тухайн ашиглаагүй бараа, үйлчилгээний төрөл, ангиллын хувьд. /Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
33.2.Сонирхогч этгээд энэ хуулийн 33.1.1, 33.1.2, 33.1.3-т заасан үндэслэлээр бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг Маргаан шийдвэрлэх комисст гаргана. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.3.Маргаан шийдвэрлэх комисс нь үндэслэлтэй гэж үзвэл бүртгэгдсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж, энэ тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
33.4.Төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд өмнө бүртгэсэн барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг тухайн эзэмшигч, хэрэглэгчийн хувьд хүчингүй болсонд тооцно:
33.4.1.барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дотор хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаагүй;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
33.4.3.барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд уг барааны тэмдгийг эзэмших эрхийг өөр этгээдэд шилжүүлээгүй буюу барааны тэмдгийг лицензийн гэрээгээр ашиглуулаагүй. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.5.Төрийн захиргааны байгууллага нь барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгосон тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.