5 дугаар зүйл. Барааны тэмдэгт тавих шаардлага

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Барааны тэмдэгт тавих шаардлага

5.1.Ялгагдах шинж чанар агуулаагүй дараахь зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй:

5.1.1.үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томъёо дангаараа байвал;

5.1.2.тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, газар зүйн нэр, түүний товчлол, газрын зураг дээрх байршил, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс; /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.1.3.тухайн бараа, түүний сав, баглаа боодлын үл ялгагдах хэлбэр, дүрс;

5.1.4.Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийн нэр, дүрс дангаараа байвал;

5.1.5.Монгол Улсын түүхэн хүмүүсийн бүтэн нэр, зохиомол нэр, хөрөг, зураг, тэдгээрт шууд хамаарах төсөөллийн нэр дангаараа байвал.

5.2.Дараахь барааны тэмдгийг бүртгэхгүй:

5.2.1.Монгол Улсын болон Парисын конвенци, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын нэр, товчилсон нэр, сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, Монгол Улсын төрийн байгууллага, төрийн чиг үүргийг хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд, эсхүл Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил, төсөөтэй илэрхийллийг тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ашигласан; /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан./

5.2.2.Монгол Улсын нэрд гарсан хүний бүтэн нэр, эсхүл зохиомол нэр, хөрөг, зургаас бүрдсэн илэрхийллийг тухайн хүний буюу түүний өв залгамжлагчийн зөвшөөрөлгүй ашигласан; /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан./

5.2.3.Монгол Улсын төрийн одон, медаль болон бусад шагнал, баталгаа, хяналтын албан ёсны тэмдэг, дардастай ижил, төсөөтэй;

5.2.4.агуулга нь нийгмийн дэг журам, зан суртахуунд харш;

5.2.5.бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;

5.2.6.Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил;

5.2.7.Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;

5.2.8.бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар;

5.2.9.Монгол Улсад нийтийн хүртээл болсон бүтээлийн зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр. /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2.10.Монгол Улсад бүртгэгдсэн газар зүйн заалттай ижил, эсхүл төсөөтэй байдал нь хэрэглэгчийг барааны гарал үүслийн хувьд төөрөгдөлд оруулах; /Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.2.11.барааны тэмдгийг шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн. /Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.3.Энэ хуулийн 5.1, 5.2.1-д заасан зүйл нь тухайн барааны тэмдгийн дийлэнх хэсгийг бүрдүүлэхээргүй бол тухайн зүйлийг хамгаалалтад авахгүйгээр барааны тэмдгийг бүртгэж болно. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.4.Энэ хуулийн 5.1.5, 5.2.2-т заасан Монгол Улсын түүхэн, нэрд гарсан хүмүүсийг тодорхойлох болон барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, шүүлт хийх журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/ баталж мөрдүүлнэ.

5.5.Энэ хуулийн 3.1.13-т заасан нийтэд түгээмэл болсон барааны тэмдгийн жагсаалтыг төрийн захиргааны байгууллага баталж, энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

5.6.Энэ хуульд заасан барааны тэмдгийн ижил, эсхүл төсөөтэй эсэхийг тодорхойлох шалгуурыг төрийн захиргааны байгууллага тогтооно. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.