6 дугаар зүйл. Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах

6.1.Барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагад монгол хэлээр цаасаар, эсхүл цахим хэлбэрээр гаргана. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.2.Барааны тэмдгийн мэдүүлгийг мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргана. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.3.Барааны тэмдгийн нэг мэдүүлэг нэг барааны тэмдэгт хамаарна.

6.4.Барааны тэмдгийн мэдүүлэг дараахь зүйлээс бүрдэнэ:

6.4.1.төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

6.4.2.энэ хуулийн 9.4-т заасны дагуу хураамж, үйлчилгээний хөлс төлсөн тухай баримт болон энэ хуулийн 6.6-д заасан баримт. /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.5.Энэ хуулийн 6.4.1-д заасан өргөдөлд дараахь зүйлийг тусгана:

6.5.1.барааны тэмдгийг бүртгүүлэх тухай хүсэлт;

6.5.2.мэдүүлэг гаргагч нь иргэн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, харьяалал, байнга оршин суудаг буюу үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, мэдүүлэг гаргасан он, сар, өдөр, гарын үсэг;

6.5.3.мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, төрөл, хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;

6.5.4.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, гарын үсэг;

6.5.5.давамгайлах эрх хүсэх тохиолдолд энэ тухай мэдэгдэл; /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.5.6.бүртгүүлэхээр мэдүүлж байгаа барааны тэмдэг;

6.5.7.барааны тэмдгийн тодорхойлолт;

6.5.8.барааны тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэрийн тухай мэдэгдэл;

6.5.9.хамтын тэмдгээр бүртгүүлэх бол энэ тухай мэдэгдэл;

6.5.10.гэрчлэх тэмдгээр бүртгүүлэх бол энэ тухай мэдэгдэл;

6.5.11.барааны тэмдэг нь кириллээс өөр үсгээр илэрхийлэгдсэн бол тухайн тэмдгийн кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга;

6.5.12.тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний ангилал болон бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт.

6.6.Барааны тэмдгийн мэдүүлэгт дараахь зүйлийг хавсаргана:

6.6.1.тухайн барааны тэмдгийг хамтын тэмдгээр бүртгүүлэх бол түүнийг ашиглах журам, түүнийг ашиглах эрх бүхий этгээдийн нэрсийн жагсаалт;

6.6.2.тухайн барааны тэмдгийг гэрчлэх тэмдгээр бүртгүүлэх бол түүнийг ашиглах журам, гэрчлэх байгууллага мөн болохыг нотолсон баримт бичиг;

6.6.3.давамгайлах эрх хүссэн бол урьд гаргасан мэдүүлгийн хуулбар, эсхүл холбогдох нотлох баримт; /Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.6.4.мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн бол итгэмжлэл.

6.7.Хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.