7 дугаар зүйл. Барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянах, анхдагч огноог тогтоох
7.1.Төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн бүрдлийн хяналтыг тухайн барааны тэмдгийн мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хийнэ.
7.2.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.3.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдаагүй гэж үзвэл энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэх бөгөөд мэдүүлэг гаргагч нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зохих засварыг хийж ирүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.4.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 7.3-т заасан хугацаанд хийж ирүүлсэн бол төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огноог түүнийг анх хүлээн авсан өдрөөр тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.5.Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг энэ хуулийн 7.3-т заасан хугацаанд хийж ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.6.Энэ хуулийн 6.6.1, 6.6.2, 6.6.4-т заасан зүйлийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш хоёр сарын дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.7.Энэ хуулийн 6.6.3-т заасан баримт бичгийг мэдүүлгийн анхдагч огнооноос хойш гурван сарын дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7.8.Энэ хуулийн 6.6.1, 6.6.2, 6.6.4-т заасан баримт бичгийг энэ хуулийн 7.6-д заасан хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.9.Энэ хуулийн 6.6.3-т заасан баримт бичгийг энэ хуулийн 7.7-д заасан хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага давамгайлах огнооны эрх хүсээгүйд тооцно. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.10.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа мэдүүлсэн барааны тэмдгийн ном зүй, илэрхийллийг албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
7.11.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.7, 7.8-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасаар, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./