8 дугаар зүйл. Барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийх

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийх

8.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана.

8.2.Төрийн захиргааны байгууллага шүүлтийг барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огнооноос хойш есөн сарын дотор хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

8.3.Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана.

8.4.Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.5.Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 8.4-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор үндэслэл бүхий хариуг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Хэрэв мэдүүлэг гаргагч хүндэтгэн үзэх шалтгаантай бол уг хугацааг гурав хүртэлх сараар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.6.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 8.5-д заасан хариуг хүлээж авснаас хойш гурван сарын дотор тухайн барааны тэмдгийг бүртгэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргана.

8.7.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 8.5-д заасан хариуг зохих хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.8.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч барааны тэмдгийг өөрчлөхөөс бусад өөрчлөлтийг мэдүүлэгтээ оруулж болох ба барааны тэмдгийн мэдүүлэгт бараа, үйлчилгээний ангилал нэмэхээр бол шинээр мэдүүлэг гаргана.

8.9.Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч бараа, үйлчилгээний нэгээс дээш ангилалд хамаарах барааны тэмдгийн мэдүүлгийг салгаж тус тусад нь гаргаж болно.

8.10.Энэ хуулийн 7.10-т заасны дагуу нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт анхдагч огнооноос хойш гурван сарын дотор сонирхогч этгээд эсэргүүцэл гаргаж болно. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.11.Эсэргүүцэл гаргасан этгээд энэ хуулийн 8.10-т заасан хугацааг хоёр хүртэл сараар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.12.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 8.5, 8.10-т заасан хариу болон эсэргүүцлийг өөрөө, эсхүл Оюуны өмчийн тухай хуулийн 16.2-т заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан төрийн захиргааны байгууллагад гаргана. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.13.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 8.4, 8.7-д заасан мэдэгдлийг мэдүүлэг гаргагчид цаасаар, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.