9 дугаар зүйл. Барааны тэмдгийг бүртгэх, хэвлэх

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Барааны тэмдгийг бүртгэх, хэвлэх

9.1.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргасан бол түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.

9.2.Барааны тэмдгийн улсын бүртгэлд тухайн барааны тэмдгийн улсын бүртгэлийн дугаар, мэдүүлгийн бүртгэлийн дугаар, барааны тэмдэг эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, улсын нэр, барааны тэмдгийн дүрс, олон улсын ангиллын дагуу ангилсан тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт, анхдагч огноо, давамгайлах огноо, бүртгэлийн хүчинтэй байх хугацаа болон хамгаалагдаагүй үг, дүрсийн талаархи мэдээллийг заана.

9.3.Барааны тэмдгийн бүртгэл нь анхдагч огнооноос эхлэн 10 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг тухай бүр 10 жилээр сунгаж болно.

9.4.Барааны тэмдгийн гэрчилгээ олгох, бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгахад Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хэмжээгээр хураамж болон үйлчилгээний хөлс төлнө. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.5.Төрийн захиргааны байгууллага нь бүртгэгдсэн барааны тэмдгийн ном зүй, дүрсийг энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

9.6.Бүртгэгдсэн барааны тэмдэг нь зөвхөн улсын бүртгэлд заасан эзэмшигч болон бараа, үйлчилгээнд хамаарна. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.