10 дугаар зүйл. Барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах
10.1.Барааны тэмдгийн улсын бүртгэлд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтээр дараахь өөрчлөлтийг оруулна:
10.1.1.бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгах;
10.1.2.барааны тэмдэг эзэмшигчийн нэр, хаягийг өөрчлөх;
10.1.3.барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлэх;
10.1.4.бараа, үйлчилгээний ангилал болон нэрсийн жагсаалтаас хасалт хийх.
10.2.Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай хүсэлтийг тухайн бүртгэл хүчинтэй байх сүүлийн нэг жилийн дотор, эсхүл бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш хөнгөлөлтийн хугацаа болох зургаан сарын дотор төрийн захиргааны байгууллагад гаргаж болно. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.3.Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгахад барааны тэмдгийг өөрчлөхгүй бөгөөд бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтад нэмэлт хийхгүй.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.5.Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бол энэ тухай энэ хуулийн 3.1.14-т заасан албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.
10.6.Энэ хуулийн 10.2, 10.4-т заасан хугацаа сунгуулах хүсэлт гаргахад, эсхүл улсын бүртгэлд өөрчлөлт оруулахад үйлчилгээний хөлс төлнө. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./