11 дугаар зүйл. Барааны тэмдгийн олон улсын бүртгэлтэй холбоотой асуудал
11.1.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсын нэр зааж мэдүүлсэн барааны тэмдэгт шүүлт хийх, түүнийг бүртгэхэд энэ хуулийн 8 дугаар зүйл болон 9.5-д заасныг баримтална. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсын нэр зааж мэдүүлсэн барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огноог олон улсын бүртгэлийн огноогоор, эсхүл нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөх тухай хүсэлтийн огноогоор тогтооно.
11.3.Энэ хуульд заасны дагуу барааны тэмдгээ бүртгүүлсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг болон байнга оршин суудаг аливаа этгээд уг барааны тэмдгийг Мадридын хэлэлцээр болон Мадридын протоколын гишүүн улсад бүртгүүлэх хүсэлтэй бол мэдүүлгийг өөрөө, эсхүл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн төрийн захиргааны байгууллагаар дамжуулан Олон улсын товчоонд гаргана. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.4.Энэ хуулийн 11.3-т заасан мэдүүлгийн хувьд төрийн захиргааны байгууллага хүлээн авагч байгууллага байна.
11.5.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлэг гаргахад Мадридын хэлэлцээр, Мадридын протокол, Нийтлэг журамд заасныг баримтална.
11.6.Мэдүүлэг гаргагч нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн хугацааг сунгуулах, барааны тэмдэг эзэмшигчийн эрх шилжүүлэх, хүчингүй болгуулах, нутаг дэвсгэрийн хүрээг өргөтгөх тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагаар дамжуулан Олон улсын товчоонд гаргана.
11.7.Мэдүүлэг гаргагч нь барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн хураамжийг Нийтлэг журамд заасны дагуу Олон улсын товчоонд төлнө.
11.8.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсын нэр зааж мэдүүлсэн барааны тэмдэгтэй холбоотой аливаа шийдвэрийг Олон улсын товчоонд мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.9.Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгийн хувьд энэ хуулийн 8.10-т заасан эсэргүүцлийг олон улсын хэвлэлийн огнооноос хойш таван сарын дотор гаргаж болно. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.10.Энэ хуулийн 11.3, 11.6-д заасан хүсэлтийг төрийн захиргааны байгууллага хянаж, гэрчилнэ /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.11.Энэ хуулийн 11.10-т заасан хүсэлтийг хянуулж, гэрчлүүлэхэд үйлчилгээний хөлс төлнө. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.12.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 11.9-д заасан эсэргүүцлийг өөрөө, эсхүл Оюуны өмчийн тухай хуулийн 16.2-т заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан төрийн захиргааны байгууллагад гаргана. /Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
БАРААНЫ ТЭМДЭГ ЭЗЭМШИГЧИЙН ОНЦГОЙ ЭРХ