15 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг батлах
15.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн өөрийн санаачлах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, батална.
15.2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн санаачлах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлж болно. Энэ тохиолдолд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвлөмж гаргана.
15.3.Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.4.Хууль тогтоомжоор зохицуулах нийгмийн харилцаа нь Засгийн газрын хэд хэдэн гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
15.5.Төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан санхүү, төсөв, татварын чиглэлээрх хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдтэй хамтран батална.
15.6.Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг тухайн гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гадаад хэргийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдтэй хамтран батална.
15.7.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах нийгмийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг дангаар батална:
15.7.1.эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын нийтлэг харилцаа; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.7.2.хуулиар тогтоосон эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудал.
15.8.Тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс ирүүлсэн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг энэ хуулийн 15.3-15.6-д заасан Засгийн газрын гишүүн 30 хоногийн дотор хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
15.8.1.төслийг дэмжиж хамтран батлах;
15.8.2.төслийг дахин боловсруулах санал гаргаж, буцаах;
15.8.3.тухайн харилцааг хуулиар зохицуулах шаардлагагүй тухай дүгнэлт гаргах.
15.9.Энэ хуулийн 15.8.2, 15.8.3-т заасны дагуу хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хянасан талаархи санал, дүгнэлтэд үндэслэлийг тодорхой заана.
15.10.Тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хамтран батлуулахаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайланг хамт ирүүлнэ.
/Энэ зүйлийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.11.Энэ хуулийн 12.2.8-д заасан хуулийн төслийн үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд тодорхойлж, батлах бөгөөд хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
15.12.Энэ хуулийн 22.1.3-т заасан хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн нэрээр боловсруулж батлах бөгөөд хуулийн нэрийг өөрчлөх бол энэ талаар үзэл баримтлалын төсөлд тусгана. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
15.13.Хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалд баталсан он, сар, өдрийг тусгана. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./