14 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төсөл боловсруулах

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төсөл боловсруулах

14.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны, эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр үзэл баримтлалын төсөл боловсруулна.

/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан үзэл баримтлалын төсөлд дараах асуудлыг тусгана:

14.2.1.хууль тогтоомжийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага;

14.2.2.хууль тогтоомжийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ;

14.2.3.хууль тогтоомж батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал; /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.2.4.хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль тогтоомжийн талаарх санал. /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.3.Энэ хуулийн 14.2.1-д заасан үндэслэл, шаардлагыг хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төсөлд тодорхой тайлбарлаж тусгана. Хууль тогтоомжийн төсөл нь хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарт нийцэж байгаа эсэхийг үндэслэл, шаардлагад тодруулна. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.4.Хууль санаачлагч тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр багцлан боловсруулж, өргөн мэдүүлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

14.5.Энэ хуулийн 14.4-т заасны дагуу хэд хэдэн хуулийн төслийг багцлан боловсруулахдаа тухайн харилцааг зохицуулж байгаа ерөнхий хуулийг дагаж анхдагч хуулийн төсөл боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд төсөл тус бүрийн агуулгыг нэгтгэн нэг үзэл баримтлалаар тодорхойлж болно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.