13 дугаар зүйл. Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах
13.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг энэ хуулийн 12.1.2-т заасан аргачлалын дагуу тодорхойлно.
13.2.Энэ хуулийн 12.1.2-т заасан аргачлалаар дараах асуудлыг судалж, зөвлөмж гаргана:
13.2.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хуульд нийцэх эсэхийг судлах;
13.2.2.тухайн асуудлыг хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатай эсэхийг тодорхойлох;
13.2.3.тухайн асуудлыг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг тодорхойлох;
13.2.4.зохицуулах эрх зүйн хэм хэмжээний эерэг болон сөрөг талыг харьцуулан судлах;
13.2.5.хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг тодорхойлох;
13.2.6.шаардлагатай тохиолдолд тухайн асуудлаар гадаад улсын хууль тогтоомжийн зохицуулалтын талаарх харьцуулсан судалгааг үндэсний эрх зүйн тогтолцооны онцлог, хөгжлийн чиг хандлагыг харгалзан оновчтой хувилбарыг үндэслэлийн хамт санал болгох зарчмыг баримтлан хийх. /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13.3.Хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааг анхдагч хуулийн төсөл болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зарчмын шинжтэй зохицуулалт шинээр нэмж оруулж байгаа хуулийн төслийг боловсруулахад хийнэ. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./