17 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх

17.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээг хөндлөнгийн судлаач, хуулийн этгээдээр энэ хуулийн 12.1.3-т заасан аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

17.2.Энэ хуулийн 12.1.3-т заасан аргачлалын дагуу хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг шалгуур үзүүлэлтийг сонгох, хуулийн төслөөс үр нөлөөг тооцох хэсгийг сонгох, үр нөлөөг тооцох, үр дүнг үнэлж, зөвлөмж өгөх үе шаттайгаар дараах байдлаар үнэлж, зөвлөмж гаргана: /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.2.1.хууль тогтоомжийн төсөл, эсхүл түүний зарим зүйл, заалтын зохицуулалтын практикт хэрэгжих боломж, харилцан уялдаа зэргийг тооцож шинжилгээ хийх;

17.2.2.хууль тогтоомжийн төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах;

17.2.3.хууль тогтоомжийн төслийг батлан хэрэгжүүлснээр үүсэж болзошгүй, урьдчилан тооцоогүй үр дагаврыг тодорхойлох.

17.2.4.хууль тогтоомжийн төслийн хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.3.Тухайн хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд дараах шаардлагыг хангасан эсэхийг энэ хуулийн 17.2.4-т заасан үнэлгээнд нэмж тусгана: /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.3.1.үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах зайлшгүй шаардлага бүхий байх; /Энэ заалтын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.3.2.ялгаварлан гадуурхаагүй байх; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.3.3.хязгаарлалт нь зорилгодоо хүрэхэд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байх. /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.4.Хууль тогтоомжийн төслийг батлан хэрэгжүүлснээр гарах үр нөлөөг тооцсоны үндсэн дээр шаардлагатай бол тухайн хууль тогтоомжийн төсөл, эсхүл түүний зарим зүйл, заалтыг дахин боловсруулна. /Энэ хэсгийн дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.