18 дугаар зүйл. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцох
18.1.Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг баталснаар үүсэх зардлын тооцоог гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг энэ хуулийн 12.1.4-т заасан аргачлалын дагуу дараах байдлаар үнэлж, тодорхойлно: 18.1.1.хууль тогтоомжийн төслийн улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцох; 18.1.2.хууль тогтоомжийн төслийг баталснаар тухайн хууль тогтоомжийн үйлчлэх хүрээнд хамаарах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлыг тооцох." /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
18.2.Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах болон энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхэд энэ хуулийн 12.1.4-т заасан аргачлалыг баримталж болно.
/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.3.Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Улсын Их Хурлын Тамгын газар, эсхүл хууль зүйн, төсвийн судалгааны чиглэлийн хүн, хуулийн этгээд энэ хуулийн 18.1-д заасан зардлын тооцоог хийнэ. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./