21 дугаар зүйл. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Засгийн газрын санал, дүгнэлтийг авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх
21.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн санаачилсан хууль тогтоомжийн төслөө түүний үзэл баримтлал, танилцуулга, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайлангийн хамт санал, дүгнэлт авахаар Засгийн газарт хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
21.2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хууль тогтоомжийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг бэлтгүүлэхээр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
21.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Засгийн газрын бусад гишүүн, холбогдох байгууллагад хүргүүлнэ.
21.4.Энэ хуулийн 21.3-т заасан байгууллага, албан тушаалтан нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөлд өгөх саналыг тухайн хууль тогтоомжийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор бэлтгэж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
21.5.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 21.4-т заасан хугацаанд саналаа ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.
21.6.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын бусад гишүүнээс ирүүлсэн саналыг Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөлд тусгахдаа дараах зарчмыг баримтална:
21.6.1.зарчмын шинжтэй саналуудыг нэг бүрчлэн томьёолох;
21.6.2.хэл зүй, найруулга, томьёоллын шинжтэй саналуудыг багцлах.
21.7.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 21.4-т заасан хугацаа өнгөрсөн өдрөөс хойш ажлын долоон өдрийн дотор Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг бэлтгэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
21.8.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг энэ хуулийн 21.7-д заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоон өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
21.9.Энэ хуулийн 21.7-д заасан Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөлд дараах асуудлыг тусгана:
21.9.1.тухайн хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль болон хууль зүйн бодлогод нийцэж байгаа эсэх, түүний үзэл баримтлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг дэмжиж байгаа эсэх үндэслэл, тайлбар ; /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан../
/Энэ заалтад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.9.2.тухайн хууль тогтоомжийн төсөл бусад хууль тогтоомжтой уялдсан эсэх;
/Энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
21.9.3.тухайн хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангасан эсэх.
21.10.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлага, Төсвийн тухай хуульд заасан төсвийн бусад шаардлага, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хангаж байгаа эсэх талаарх Засгийн газрын дүгнэлтийг бэлтгэж, энэ хуулийн 21.4-т заасан хугацаанд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.11.Засгийн газар санал, дүгнэлтээ ажлын 30 өдрийн дотор хууль санаачлагчид хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд хууль санаачлагчтай тохиролцон түүний бичгээр, эсхүл энэ хуулийн 20.10-т заасан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн уг хугацааг сунгаж болно. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
21.12.Засгийн газар энэ хуулийн 21.11-д заасан хугацаанд санал, дүгнэлтээ ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.13.Засгийн газар энэ хуулийн 21.1-д заасан хууль тогтоомжийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль болон хууль зүйн бодлогод нийцээгүй, тухайн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалыг бүхэлд нь дэмжих боломжгүй, энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд уг дүгнэлтийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд заавал танилцуулна. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
21.14.Улсын Их Хурлаас шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дотоод зохион байгуулалттай холбоотой хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас санал авахгүй байж болно.
/Энэ хэсгийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТӨРӨЛ, БҮТЭЦ, ХЭЛБЭР, ЭХ БИЧВЭРТ ТАВИХ ШААРДЛАГА