20 дугаар зүйл. Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөлд санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх
20.1.Төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн захиргааны төв байгууллага 30 хоногийн дотор саналаа өгнө.
20.2.Энэ хуулийн 20.1-д заасан хугацаанд саналаа ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.
20.3.Төрийн захиргааны төв байгууллага боловсруулсан хууль тогтоомжийн төсөлдөө бусад төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох төрийн байгууллагын саналыг бичгээр авч, үндэслэлтэй гэж үзвэл тухайн төсөлд тусгана. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
20.4.Төрийн захиргааны төв байгууллага боловсруулсан хууль тогтоомжийн төслөө түүний үзэл баримтлал, танилцуулга, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийсэн тайлангийн хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар хүргүүлнэ. Хууль тогтоомжийн төсөл төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах үр дагаврыг бий болгохоор бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.5.Хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад үндэслэл бүхий тайлбарын хамт буцаана.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.6.Энэ хуулийн 20.5-д заасны дагуу хууль тогтоомжийн төслийг буцаасан тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага тухайн төслийг дахин боловсруулж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар хүргүүлнэ.
20.7.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төсөл төсвийн зардал нэмэгдүүлэх, орлого бууруулах эсэхийг хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.8.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.9.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно.
20.10.Энэ хуулийн 20.7-20.9-д заасан зөвшөөрлийг бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр үйлдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
20.11.Энэ хуулийн 20.10-т заасан зөвшөөрлийг авсны үндсэн дээр төрийн захиргааны төв байгууллага боловсруулсан хууль тогтоомжийн төслөө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
20.12.Хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан дэгийг баримтална.
/Энэ хэсгийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/