30 дугаар зүйл. Хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих нийтлэг шаардлага
30.1.Хуулийн төслийн хэл зүй, найруулга дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
30.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх;
30.1.2.нэг нэр томьёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх;
30.1.3.үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих;
30.1.4.хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх;
30.1.5.жинхэнэ нэрийг ганц тоон дээр хэрэглэх.
30.2.Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дэргэд хууль зүйн нэр томьёог шинжлэх ухааны үндэслэлтэй оноон тодорхойлох, жигдлэн хэвшүүлэх, нэр томьёотой холбогдсон асуудлаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хууль зүйн хэлний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.3.Зөвлөл нь энэ хуулийн 30.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол хэлний тухай хуульд заасан Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллаж, тодруулга авч болно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
30.4.Хуулийн төсөлд дараах тохиолдолд нэр томьёоны тайлбар хийнэ:
30.4.1.нэр томьёо нь олон утгатай бол;
30.4.2.нэр томьёо нь өргөн утгатай бөгөөд түүнийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай бол;
30.4.3.шинээр бий болсон ойлголт буюу нэр томьёо нь нийтэд ойлгомжгүй бол.
30.5.Хуулийн төсөлд дараах тохиолдолд гадаад хэлний нэр томьёо хэрэглэж болно:
30.5.1.уг нэр томьёог оноосон нэр монгол хэлэнд байхгүй бол;
30.5.2.уг нэр томьёог олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэж хэвшсэн бол;
30.5.3.уг нэр томьёог Монгол Улсын олон улсын гэрээнд хэрэглэж байгаа бол.
30.6.Нэр томьёо нь нэг утга агуулгаар нийт хуулийн хэмжээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолтыг уг хуулийн "Нийтлэг үндэслэл" гэсэн бүлэгт оруулан заана. Хуулийн төсөлд тодорхойлолт өгсөн хэд хэдэн нэр томьёо байгаа бол тэдгээрийг "Хуулийн нэр томьёоны тодорхойлолт" гэсэн гарчигтай зүйлд нэгтгэнэ.
30.7.Нэр томьёо нь тодорхой утга агуулгаар зөвхөн нэг бүлэг, зүйл, хэсэг, заалтын хүрээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолт, тайлбарыг холбогдох бүлэг, зүйл, хэсэг, заалтын дотор байрлуулж болно.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
30.8.Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан агуулга ижил нэр томьёог дагаж өөрчлөх шаардлагатай тохиолдолд ижил утгаар ойлгож хэрэгжүүлэх, хэрэглэх тайлбарыг хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтад тусгаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./