29 дугаар зүйл. Хуулийн төслийн эх бичвэрийн агуулгад тавих нийтлэг шаардлага
29.1.Хуулийн төслийн агуулга дараах нийтлэг шаардлага хангасан байна:
29.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан байх; /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.1.2.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудлыг бүрэн тусгасан байх;
29.1.3.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцааны хүрээнээс хальсан асуудлыг тусгахгүй байх;
29.1.4.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үл хамаарах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу хүчингүй болсонд тооцох тухай заалт тусгахгүй байх;
29.1.5.зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилгүй байх;
29.1.6.хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх;
29.1.7.бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах, энэ тохиолдолд эшлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх;
29.1.8.тухайн хуулиар зохицуулах нийгмийн харилцаа, хуулийн үйлчлэх хүрээ, эрх зүйн харилцаанд оролцогч хүн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, зохицуулалтад удирдлага болгох зарчим, харгалзан үзэх нөхцөл байдал, нийтийн эрх зүйн этгээдийн чиг үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийг биелүүлэх журмыг тусгасан байх. /Энэ заалтад 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
29.1.9.шаардлагатай тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ, хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа, хууль буцаан хэрэглэх тухай заалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, бусад хуулийн зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох, хасах заалт; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
29.1.10.шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хууль хүчингүй болсонд тооцох тухай дагалдах хуулийн төслийг боловсруулсан байх; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
29.1.11.хуулийн төсөл нь хуулийн зорилго гэсэн зүйлтэй байж болох бөгөөд зорилгод тус хуулиар хангахаар зорьж байгаа иргэний үндсэн эрх, бэхжүүлэх үндсэн зарчим, хүрэх үр дүнг тусгана. /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
29.2.Хуулийн төсөлд шаардлагатай тохиолдолд эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа, хууль буцаан хэрэглэх тухай заалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, бусад хуулийн зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох, зарим үг, өгүүлбэр, тоо, тэмдэгт хасах талаар тусгана. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
29.3.Шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хууль хүчингүй болсонд тооцох тухай дагалдах хуулийн төслийг боловсруулна. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
29.4.Энэ хуулийн 14.5-д зааснаас бусад хуулийн төслийг дагалдуулан анхдагч болон шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэхийг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
29.5.Энэ хуулийн 12.2.2-т заасан хуулийн төслийг дагалдуулан зөвхөн тухайн жилийн төсөвт нөлөөлөл үзүүлэх хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх бөгөөд энэ тохиолдолд тухайн хууль тогтоомжийн төслийн төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцэлд үзүүлэх нөлөөлөл, холбогдох тооцооллыг хуулийн төслийн танилцуулгад тодорхой тусгана. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./