33 дугаар зүйл. Хуулийн төслийн танилцуулга
33.1.Хууль санаачлагч хуулийн төслийн талаар товч болон дэлгэрэнгүй танилцуулга бэлтгэнэ. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
33.2.Хуулийн төслийн товч танилцуулгад дараах мэдээллийг тусгана: /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
33.2.1.хуулийн төслийн ерөнхий агуулга, зохицуулах харилцаа, хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй зохицуулалтын талаар;
/Энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
33.2.2.тухайн харилцааг урьд нь хууль, эрх зүйн бусад актаар зохицуулж ирсэн байдал;
33.2.3.хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан хууль санаачлагчаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;
33.2.4.хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүн;
33.2.5.гадаад орны туршлага, бусад судалгаа, шинжилгээний тайлангийн дүгнэлт.
33.3.Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөл болон дагаж гарах хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрд дараах мэдээллийг агуулсан тайлбарыг тусгана: /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
33.3.1.нэмэлт, өөрчлөлт оруулах, өөрчлөн найруулах, үг, өгүүлбэрийг хасах, хүчингүй болсонд тооцох болсон үндэслэл, шаардлага; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
33.3.2.зохицуулахаар тусгасан харилцааны агуулга, зохицуулалтыг хэрхэн ойлгох тухай; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
33.3.3.хуулийн төсөлтэй холбогдуулан гадаад улсын хууль тогтоомжийн зохицуулалтад харьцуулалт хийж, тусгасан тохиолдолд тэдгээрийн талаарх тайлбар, дүгнэлт; /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
33.3.4.нэр томьёо, ухагдахууны үүсэл, нэр томьёог нийцүүлсэн талаарх тайлбар. /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтын дугаарт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
33.4.Хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгад энэ хуулийн 33.3-т заасан тайлбарыг шинэчилсэн найруулга бол бүлгээр, нэмэлт, өөрчлөлт бол зүйл, эсхүл хэсэг, заалт тус бүрээр багцлан тусгана. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
33.5.Энэ хуулийн 33.3.4-т заасан хуулийн төслийн нэр томьёо, ухагдахууны үүслийг тайлбарлахад холбогдох хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж болно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.6.Хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхэд хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулга, хуулийн төсөл, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеийн хуралдааны тэмдэглэлийг ашиглаж болох бөгөөд эдгээр нь хуулийн албан ёсны тайлбар болохгүй. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./