51 дугаар зүйл. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
51.1.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, багц хуулийн төсөл боловсруулахад түүний хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, гарч байгаа хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлж, цаашид тухайн хууль тогтоомжийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
51.2.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг энэ хуулийн 12.1.6-д заасан аргачлалын дагуу хийнэ.
51.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно.
/Энэ хэсгийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
51.4.Хууль тогтоомжийн зохицуулах харилцааны онцлог, асуудлаас хамааран хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийхдээ хууль тогтоомжид бүхэлд нь, эсхүл түүний зарим зүйл, хэсэг, заалтыг сонгож болно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
51.5.Энэ хуулийн 49.1, 49.2-т заасан этгээд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланг энэ хуулийн 45.3-т заасан эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд тухай бүр байршуулна. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./