18 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн удирдлага, зохион байгуулалт
18.1.Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ.
18.2.Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллана.
18.3.Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна.
18.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээт нягтлан бодогч, эсхүл нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч ажиллуулж болно.
18.5.Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ. 18.6.Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх этгээдийг өөрсдөө томилно.
18.7.Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байвал энэ хуулийн 18.3 дахь заалт хамаарахгүй.
18.8.Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд энэ хуулийн 18.6-д заасны дагуу томилогдсон ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд гарч болзошгүй маргаантай холбоотой асуудлыг тусгана.
18.9.Институт гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг олгоно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./
18.10.Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй бол Институт зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./