3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь" гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг;

3.1.2."давхар бичилт" гэж ажил, гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт хийхийг;

3.1.3."анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог;

3.1.4."журнал" гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилтийг;

3.1.5."ерөнхий дэвтэр" гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг бүрдүүлж байгаа бүх дансыг;

3.1.6."мэргэжлийн нягтлан бодогч" гэж их, дээд сургууль, коллежийг нягтлан бодогчийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэргээр төгссөн хүнийг;

3.1.7."мэргэшсэн нягтлан бодогч" гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг;

3.1.8."ерөнхий нягтлан бодогч" гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг;

3.1.9."нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг" гэж бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам, заавар, аргачлалыг багтаасан баримт бичгийг;

3.1.10."харилцагч санхүүгийн байгууллага" гэж санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон аймаг, нийслэлийн Засаг даргын харьяаны санхүүгийн байгууллагыг;

3.1.11."нэгтгэсэн санхүүгийн тайлан" гэж Компанийн тухай хуулийн 6.4-т заасан санхүүгийн тайланг;

3.1.12."гүйцэтгэх удирдлага" гэж дараах этгээдийг ойлгоно:

3.1.12.а.Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан этгээдийг;

3.1.12.б.компаниас бусад хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийн дүрэмд гүйцэтгэх удирдлага гэж заасан этгээдийг.

3.1.13."Институт" гэж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу энэ хуулийн 24, 25, 26 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах, Олон улсын нягтлан бодогчдын холбоонд Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий байгууллагыг;

3.1.14."гэрээт нягтлан бодогч" гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй мэргэжлийн нягтлан бодогчийг;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.15."нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага" гэж гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.1.16.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СТАНДАРТ, ЗАРЧИМ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.