4 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн стандарт
4.1.Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө:
4.1.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт;
4.1.2.Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандарт;
4.1.3.Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт.
4.2.Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллагын ангилал, шалгуур үзүүлэлтийг хуульд нийцүүлэн санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож, нийтэд мэдээлнэ. Энэ ангилалд доор дурдсан аж ахуйн нэгж, байгууллагыг заавал хамруулна:
4.2.1.гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлсэн бүх төрлийн хувьцаат компани;
4.2.2.гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр хүсэлт гаргасан компани;
4.2.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 6 дахь хэсэг, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.6, 8.14, 8.15 дахь заалт, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиглэлээр зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.2.4.төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж;
4.2.5.эрчим хүч, дулаан, уур усаар хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийтийн үйлчилгээний байгууллага;
4.2.6.улс төрийн нам, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага;
4.2.7.арилжааны банкны болон тусгай зориулалтын компани, хөрөнгө оруулалтын сан, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.3.Энэ хуулийн 4.1.2-т заасан стандартыг Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангах аж ахуйн нэгж, байгууллага мөрдөнө.
4.4.Энэ хуулийн 4.1.3-т заасан стандартыг Төсвийн тухай хуулийн 4.1.34-т заасан байгууллага мөрдөнө.