16 дугаар зүйл. Аудитын үйл ажиллагааны бүтээгдэхүүн
16.1.Аудитын үйл ажиллагааны бүтээгдэхүүн нь дүгнэлт байна. Аудитын олон улсын стандартын дагуу санхүүгийн аудитаас бусад үйлчилгээ үзүүлсэн бол холбогдох стандартаар шаардсан тайлангууд байна. Аудитын олон улсын стандартын дагуу дотоод хяналтын ноцтой асуудлын талаар аудитын хороо, уг хороо байхгүй бол төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэх ба энэ нь зөвлөмж хэлбэртэй байж болно.
16.2.Аудитын үйл ажиллагааны явцад аудиторын анхааралд өртсөн их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх мэт онцгой үйл явдлын талаар тэмдэглэсэн тодруулга, тэмдэглэл нь аудитлагдсан болон нягтлан баталгаажуулсан санхүүгийн тайлангийн салшгүй хэсэг байна.
16.3.Аудиторын дүгнэлтэд захирал, эсхүл партнер гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
16.4.Санхүүгийн тайланд алдаа байгаа тухай аудитын хуулийн этгээдийн дүгнэлтийг үйлчлүүлэгч байгууллага хүлээн зөвшөөрвөл уг алдааг залруулсан байна. Санхүүгийн тайлангийн алдааг хүлээн зөвшөөрөх, залруулах асуудлаар гарсан санал зөрөлдөөнийг шийдвэрлэж чадаагүй бол Стандартын хороонд хандан мэргэжлийн дүгнэлт гаргуулж болно.
16.5.Аудитын дүгнэлтээр санхүүгийн тайланд гарсан алдааны залруулгыг аудитын үйл ажиллагаа хамарсан санхүүгийн жилийн тайланд тусгана.