17 дугаар зүйл. Аудитын талаарх эзэмшигчийн эрх

АУДИТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Аудитын талаарх эзэмшигчийн эрх

17.1.Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан болон хувьцаа эзэмшигч нь санхүүгийн тайлан, өр төлбөр, хөрөнгийн хөдөлгөөн, сонирхлын зөрчил бүхий хэлцэл болон бусад ажил, гүйлгээ, санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүнтэй холбогдсон дүгнэлтийг гэрээний үндсэн дээр аудитороос шаардан гаргуулах эрхтэй.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан эрхийг дараах этгээд эдэлнэ:

17.2.1.нээлттэй хувьцаат компанийн нийт гаргасан хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн;

17.2.2.нөхөрлөл, хоршооны гишүүн;

17.2.3.хаалттай хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч;

17.2.4.төрийн бус байгууллагын нийт гишүүдийн 10 буюу түүнээс дээш хувьтай тэнцэх тооны гишүүд.

17.3.Энэ хуулийн 17.1-д заасан эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аудитын хуулийн этгээдээр нэмэлт баталгаажуулах ажил хийлгэх шаардлага гарсан тохиолдолд уг ажлыг захиалсан этгээдтэй гэрээ байгуулна.

17.4.Энэ хуулийн 17.2-т заасан эрх бүхий этгээд нь гэрээт аудитын хуулийн этгээд болон ахлах аудиторын бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа этгээдийн талаар мэдээлэл шаардан гаргуулах эрхтэй бөгөөд гүйцэтгэх удирдлага нь энэ мэдээллийг шаардсан тухайд нь гаргаж өгнө.

АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.