3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."аудитын үйл ажиллагаа" гэж аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг;
3.1.2."аудитор" гэж аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд, эсхүл аудитын багийн ахлагч, бусад гишүүнийг;
3.1.3."партнер" гэж аудитын гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан аудитын хуулийн этгээдийн өмнө аудитын дүгнэлтийн талаар хариуцлага хүлээх аудиторыг;
3.1.4."аудитын хуулийн этгээд" гэж аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нөхөрлөл, компанийг;
3.1.5."санхүүгийн тайлангийн аудит" гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг холбогдох олон улсын стандартын дагуу шалган дүгнэлт гаргаж, зөвлөмж өгөхийг;
3.1.6."санхүүгийн тайланг нягтлах ажил" гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг нягтлах үйл ажиллагааны стандартын дагуу нягтлан шалгаж, баталгаажуулах үйл ажиллагааг;
3.1.7."бусад баталгаажуулалт" гэж санхүүгийн мэдээллийг холбогдох олон улсын стандартын дагуу шалган баталгаажуулах үйл ажиллагааг;
3.1.8."аудитын чанарын баталгаажуулалтын хяналт" гэж аудитын үйл ажиллагааг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхэд аудитын хуулийн этгээд өөрөө, эсхүл эрх бүхий төрийн байгууллагаас хяналт тавих үйл ажиллагааг;
3.1.9."санхүүгийн холбогдох үйлчилгээ" гэж холбогдох үйлчилгээний олон улсын стандартын дагуу гүйцэтгэх гэрээт ажлыг;
3.1.10."санхүүгийн баримт" гэж нягтлан бодох бүртгэлийн данс, өмч, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журнал, туслах болон ерөнхий дэвтэр, тодруулга болон аж ахуй нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн холбогдох тайлан, бусад баримт бичгийг;
3.1.11."үйлчлүүлэгч" гэж гэрээний үндсэн дээр аудит хийлгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг;
3.1.12."Аудитын олон улсын стандарт" гэж Олон улсын нягтлан бодогчдын холбооноос баталсан аудитын болон бусад үйлчилгээг эрхлэн явуулах зарчим, горимыг тусгасан баримт бичгийг;
3.1.13."аудитын үйлчилгээний дотоод стандарт" гэж аудитын хуулийн этгээдээс Аудитын олон улсын стандарт, түүнтэй адилтгах заавар журамд нийцүүлэн баталж, тухайн аудитын хуулийн этгээдэд мөрдөх баримт бичгийг;
3.1.14."ажлын баримт" гэж аудитын үйл ажиллагаа явуулах явцад аудитор өөрөө бэлтгэсэн, цуглуулсан санхүүгийн баримт, бүртгэл, тооцоо, тайлан, судалгаа шинжилгээний материал, уулзалтын тэмдэглэл, холбогдох этгээдээс авсан мэдээлэл зэрэг аудитын болон чанарын хяналтын олон улсын стандартын дагуу бүрдүүлсэн баримт бичгийг;
3.1.15."завсрын санхүүгийн тайлан" гэж санхүүгийн бүтэн жилээс богино хугацааг хамруулан гаргасан санхүүгийн тайланг;
3.1.16."аудитын баг" гэж аудитын тухайн гэрээт ажлыг гүйцэтгэхээр аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг;
3.1.17."Стандартын хороо" гэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21.1-д заасан хороог;
3.1.18."Институт" гэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.13-т заасан байгууллагыг.