10 дугаар зүйл. Барьцааны гэрээний агуулга
10.1.Барьцааны гэрээг Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулах бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
10.1.1.барьцаалагч болон барьцаалуулагч нь иргэн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа газрын хаяг; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.2.барьцаагаар хангах үүрэг, гэрээ байгуулах үед мэдэгдэж байгаа бол барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ;
10.1.3.барьцаалагч, барьцаалуулагч талууд гэрээндээ барьцаагаар хангах үүргийг ирээдүйд үүсэх, эсхүл өөрчлөгдөж болохоор тохиролцсон бол түүнийг тодорхойлох журам, бусад нөхцөл;
10.1.4.барьцааны зүйлийн тодорхойлолт, түүний нэг бүрийн, эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох байдал;
10.1.5.барьцааны гэрээний үргэлжлэх хугацаанд барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгах тал;
10.1.6.барьцааны гэрээ байгуулсан он, сар, өдөр.
10.2.Дараах этгээдийн талаар энэ хуулийн 10.1.1-д заасан мэдээллийг барьцааны гэрээнд тусгана:
10.2.1.үүрэг гүйцэтгэгч нь барьцаалуулагч биш бол үүрэг гүйцэтгэгчийн;
10.2.2.барьцааны зүйл нь дундын хөрөнгө бол дундаа өмчлөгчдийн;
10.2.3.үүрэг гүйцэтгүүлэгч буюу барьцаалагч нь хэд хэдэн этгээд бол үүрэг гүйцэтгүүлэгчдийн.
10.3.Барьцааны гэрээнд барьцаалагч, барьцаалуулагч, эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
10.4.Бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулаагүй барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./