18 дугаар зүйл. Галын аюулгүй байдлыг хангах үндэслэл

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Галын аюулгүй байдлыг хангах үндэслэл

18.1.Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, өөрчлөх, барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхөд холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг мөрдөнө.

18.2.Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөнд 10000-аас дээш хүн ам төвлөрсөн суурин газарт гурван километрийн радиуст, эсхүл 4000 хүн ам тутамд гал түймэр унтраах аврах анги, алслагдсан суурин газарт 2000 хүн ам тутамд гал түймэр унтраах аврах анги, эсхүл гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг үйлчилж байхаар тусгана.

18.3.Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө.

18.4.Барилга байгууламжийг гал түймрийн эрсдэлээр нь гал түймрийн онц аюултай, гал түймрийн аюултай нэг, хоёр, гуравдугаар зэрэгт хуваана. Гал түймрийн эрсдэлийн зэргийг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, барилга байгууламжийн жагсаалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

18.5.Барилга байгууламж болон үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, галын аюултай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдалд гал түймрийн аюулын үнэлгээ хийлгэнэ.

18.6.Гал түймрийн онц аюултай болон гал түймрийн аюултай нэг, хоёрдугаар зэргийн барилга байгууламж нь заавал, бусад аж ахуй нэгж, байгууллага нь сайн дурын үндсэн дээр гал түймрийн аюулын үнэлгээ хийлгэнэ.

18.7.Гал түймрийн аюулын үнэлгээ хийх журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

18.8.Гал түймрийн аюулын үнэлгээг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.3-т заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.9.Барилга байгууламжийг гал түймрээс хамгаалах үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ.

18.10.Гал түймрийн хохирлын даатгалын харилцааг даатгалын хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.