17 дугаар зүйл. Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
17.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дараах эрх эдэлнэ:
17.1.1.галын аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс арга зүйн туслалцаа, зааварчилгаа, зөвлөгөө авах;
17.1.2.гал түймрийн аюулаас хамгаалах зорилгоор гал түймэр унтраах нэгж, улсын байцаагчийг ажиллуулах;
17.1.3.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн болон гал түймрийн улсын хяналт, гал түймэр унтраах үйл ажиллагааны талаарх санал, гомдлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл хөндлөнгийн дүгнэлт гаргах эрх бүхий бусад байгууллагад гаргах.
17.2.Галын аюулгүй байдлыг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага дараах үүрэг хүлээнэ:
17.2.1.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилох;
17.2.2.тухайн аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцан хангах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгах;
17.2.3.барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах;
17.2.4.ажилтан, алба хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
17.2.5.гал түймэр унтраах үйл ажиллагаанд шуурхай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
17.2.6.гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах;
17.2.7.барилга байгууламж, үйлдвэрийн технологид хэрэглэх бодис, материалын гал түймрийн аюулын зэрэглэлийг итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах;
17.2.8.гал түймрийн улмаас аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоолгох;
17.2.9.гал түймрийн аюулын үнэлгээг энэ хуулийн 18.5, 18.6, 18.7, 18.8-д заасны дагуу хийлгэх;
17.2.10.галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулах;
17.2.11.галын аюулгүй байдлыг хангах талаар байгууллагын хэмжээнд галын сайн дурын бүлгэм ажиллуулах.
17.3.Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна.
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА