16 дугаар зүйл. Галын аюулгүй байдлыг хангах талаарх иргэний эрх, үүрэг

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Галын аюулгүй байдлыг хангах талаарх иргэний эрх, үүрэг

16.1.Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараах эрх эдэлнэ:

16.1.1.гал түймэр гарсан үед амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалуулах, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтооход биечлэн оролцох;

16.1.2.гал түймэртэй холбогдолтой үнэн зөв мэдээлэл авах;

16.1.3.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагаас шаардах;

16.1.4.гал түймрийн эрсдэлээс хамгаалах зорилгоор гал түймрийн даатгалд даатгуулах;

16.1.5.амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө болзошгүй гал түймрийн аюулаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаанд суралцах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандаж, эд хөрөнгөд шалгалт хийлгэх, сургалт, зөвлөгөө авах;

16.1.6.гал түймрийн улмаас өөрийн өмчид учирсан хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоолгох;

16.1.7.гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэгт ажиллах;

16.1.8.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн болон гал түймрийн улсын хяналт, гал түймэр унтраах үйл ажиллагааны талаарх санал, гомдлоо онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл хөндлөнгийн дүгнэлт гаргах эрх бүхий бусад байгууллагад гаргах.

16.2.Галын аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн дараах үүрэг хүлээнэ:

16.2.1.ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх;

16.2.2.гал түймэр гарч байгаа тохиолдолд онцгой байдлын байгууллагад нэн даруй мэдэгдэх;

16.2.3.гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

16.2.4.гал түймэр гарч болзошгүй зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх;

16.2.5.ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд оролцох.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.