3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."гал түймэр" гэж гал хараа хяналтаас гарч, хүний амь нас, эрүүл мэнд, хувь хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгө, байгаль орчин, нийгэмд хохирол учруулахыг;
3.1.2."гал түймэр унтраах" гэж гал түймрийн үед хүний амь насыг аврах, гал түймрийг унтраахын тулд тодорхой хүн хүч, техник хэрэгслээр тохирсон арга, хэлбэрийг ашиглан гүйцэтгэх үйл ажиллагааг;
3.1.3."гал түймэр унтраах удирдагч" гэж гал түймэр унтраах үйл ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулах гал түймэртэй тэмцэх мэргэжлийн алба хаагчийг;
3.1.4."галын аюулгүй байдал" гэж учирч болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчин болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан байдлыг;
3.1.5."гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж" гэж барилга байгууламж дахь гал түймрийг илрүүлэх, мэдээлэх, унтраах автомат тоног төхөөрөмж, утаа зайлуулах систем, гал унтраах усан хангамж, хүн нэг бүрийн болон нийтийн тусгай аврах хэрэгслийг;
3.1.6."галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичиг" гэж галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой дүрэм, журам, заавар, норм, стандартыг;
3.1.7."гал түймрийн аюултай нөхцөл байдал" гэж гал түймэр гарсан тохиолдолд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд аюул учруулах нөхцөл бүрдсэнийг;
3.1.8."гал түймэр гарсан тухай акт" гэж гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан болохыг нотолсон баримт бичгийг;
3.1.9."гал түймэр гарсан тухай тэмдэглэл" гэж гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй болохыг тодорхойлсон баримт бичгийг;
3.1.10."гал түймрийн аюулын үнэлгээ" гэж барилга байгууламжийн ангилал, зураг төсөл, хийц, бүтээц, үйлдвэрлэлийн технологи, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн зориулалт, ашиглалт нь норм, нормативын шаардлагад нийцэж байгаа эсэх, гал түймрээс учирч болзошгүй хохирлын хэмжээг тодорхойлж үнэлэхийг;
3.1.11."гал түймрээс хамгаалах үйлчилгээ" гэж гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, гал түймрээс хамгаалах нэмэлт арга хэмжээ авах, гал түймэртэй тэмцэх хэсэг, гал түймэртэй тэмцэх гэрээт анги, хяналтын нэгж ажиллуулахыг;
3.1.12."галын аюултай бүтээгдэхүүн" гэж галын эх үүсвэрээс болон химийн урвалын үйлчлэлээр хялбар авалцан асах, хорт хий, утаа ялгаруулах, тэсэрч дэлбэрэх аюултай бодис, материалыг;
3.1.13."томилгоот бүрэлдэхүүн" гэж гал түймэр унтраах зориулалтын автомашин, багаж хэрэгсэлтэйгээр 24 цагаар үүрэг гүйцэтгэх гал түймэр унтраах аврах ангийн салааны захирагч, тасгийн захирагч, галын автомашины жолооч, гал сөнөөгч, дуудлага хүлээн авагч зэрэг мэргэжлийн алба хаагчдыг;
3.1.14."объектын гал түймэр" гэж бүх төрлийн өмчийн хэлбэрийн барилга байгууламж, эд хөрөнгө, тоног төхөөрөмжид гарсан гал түймрийг;
3.1.15."ой, хээрийн гал түймэр" гэж ой болон хээрийн бүсэд шатамхай ургамлаар дамжин гал хяналтгүй тархахыг.
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ, ТОГТОЛЦОО