4 дугаар зүйл. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг
4.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1.объектын болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах ажлыг нэгдсэн удирдлага, бодлого, зохион байгуулалтаар хангах, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх;
4.1.2.холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтэд тавих улсын хяналтыг зохион байгуулах;
4.1.3.гал түймрийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг судлах, судалгаа, шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх чиглэлийг тогтоох;
4.1.4.галын аюулгүйн инженер-техникийн мэргэжлийн ажилтныг тасралтгүй бэлтгэх, мэргэшүүлэх, алба хаагчийг давтан сургах, гал унтраах спортоор хичээллүүлэх асуудлыг зохион байгуулах;
4.1.5.хууль тогтоомжид заасан галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг холбогдох байгууллагатай хамтран боловсруулж, мөрдүүлэх;
4.1.6.гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны улсын стандартыг батлуулан мөрдүүлэх;
4.1.7.гал түймрээс хамгаалах зориулалт бүхий техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бодис, материал үйлдвэрлэх, угсрах, ашиглах, борлуулах болон гал түймрээс хамгаалах чиглэлээр сургалт явуулах эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд санал, дүгнэлт гаргаж, тухайн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад мэдэгдэх.