9 дугаар зүйл. Гал түймэр унтраах үйл ажиллагааны зохион байгуулалт
9.1.Гал түймэр унтраах аврах ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн гал түймрийн дуудлагаар гарч, тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэн замын хөдөлгөөнд оролцох үед замын хөдөлгөөнд оролцогч зам тавьж өгөх үүрэгтэй бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөдөлгөөнөө саадгүй үргэлжлүүлэх бололцоогоор хангана.
9.2.Гал түймэр унтраах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үед гал түймэр унтраах удирдагчийн гаргасан шийдвэрийг үл биелүүлэх, анги, нэгжийн бүрэлдэхүүнийг үүргээ биелүүлэхэд албан тушаалтан, иргэн хөндлөнгөөс саад учруулахыг хориглоно.
9.3.Хуульд өөрөөр заагаагүй бол олон нийтийг хамарсан үймээн, жагсаал, цуглааныг зогсоох болон үндсэн чиг үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор гал түймэр унтраах зориулалтын техник, хүн хүчийг дайчлахыг хориглоно.
9.4.Гал түймэр унтраах үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг гадны халдлагаас хамгаалах, замын хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллага хамгаалалт зохион байгуулна.
9.5.Аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, хэлтсийн дарга нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, ангийн дотоод үйл ажиллагааг хянах, сургалт явуулах, гал түймэртэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, удирдан зохион байгуулна.