8 дугаар зүйл. Гал түймэр унтраах үйл ажиллагааны тогтолцоо
8.1.Гал түймэр унтраах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан гал түймэр унтраах дүрмийг удирдлага болгоно.
8.2.Дипломат төлөөлөгчийн газарт гарсан гал түймрийг унтраах ажлыг түүний тэргүүн, хэргийг хамаарагчийн албан ёсны зөвшөөрлийн дагуу онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
8.3.Гал түймэр унтраах үүрэг бүхий онцгой байдлын байгууллагын нэгжийг техникийн хүчин чадлын хувьд нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн гал түймэр унтраах аврах анги гэж ангилна. Гал түймэр унтраах аврах ангийн зэрэглэл, техник, тоног төхөөрөмж, барилга байгууламж, бүтцийг Стандартчиллын Үндэсний зөвлөлийн тогтоолоор батална.
8.4.Гал түймэр унтраах аврах анги нь үйл ажиллагаа явуулах зориулалтын байр, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн болон бие бялдарын тэсвэр хатуужлыг хөгжүүлэх, гал унтраах дасгал сургуулилт явуулах тусгай байгууламж бүхий эзэмшил газартай байна.
8.5.Онцгой байдлын байгууллагын гал түймэртэй тэмцэх чиг үүрэг бүхий анги, нэгжийн удирдах албан тушаалтан /захирагч/ нь галын аюулгүй байдлын чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн алба хаагч байна.
8.6.Гал түймэр унтраах удирдагч нь гал түймэр унтраах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд бие бүрэлдэхүүний болон техникийн аюулгүй байдлыг хариуцна.
8.7.Гал түймэр унтраах хүн хүч, техник хэрэгсэл нь гал түймэр унтраах удирдагчид захирагдана.
8.8.Гал түймэр унтраах удирдагч нь гал түймэр гарсан объектын байршлын зураг, онцлог, агуулж байгаа бодис, материалын талаар мэдээлэл авах, хойшлуулшгүй тохиолдолд засаг захиргааны харьяалал, өмчийн хэлбэрийг үл харгалзан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний тээвэр, холбооны хэрэгсэл болон хүн хүчийг дайчлах, ашиглах эрхтэй.
8.9.Бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гал түймэр унтраахад усны аливаа эх үүсвэрийг өмчийн хэлбэр үл харгалзан үнэ төлбөргүй ашиглана.
8.10.Энэ хуулийн 8.8-д заасан дайчилгааны зардал, гал түймэр унтраах ажиллагааны явцад хөндлөнгийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд учруулсан хохирлыг төр хариуцна.
8.11.Хил дамнасан ой, хээрийн гал түймэр унтраах ажлыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу гадаад улсын холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна.