10 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан

10.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь дараах төрөлжсөн сангаас бүрдэнэ:

10.1.1.тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санд механикжсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, ашиглалт, засвар, оношилгооны бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.2.зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтлийн бүртгэл, мэдээллийн санд замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй зам, замын байгууламжийн төлөв байдал, эвдрэл, гэмтлийн бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.3.жолоочийн бүртгэл, мэдээллийн санд жолоодох эрхийн үнэмлэх дээрх мэдээллийн бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.4.жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд жолооч бэлтгэх сургалтын байгууллага, түүний сургалтын материаллаг бааз, хүний нөөц болон суралцагсдын бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.5.зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл, мэдээллийн санд зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн тоо бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.6.жолоочийн эрүүл мэнд, зам тээврийн осолд өртсөн хүний бүртгэл, мэдээллийн санд механикжсан тээврийн хэрэгслийн жолоочийн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт, зам тээврийн ослын улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.7.жолоочийн даатгалын мэдээллийн санд даатгалын гэрээ, даатгалын тохиолдол, хохирогчид олгосон нөхөн төлбөр, даатгагч, даатгуулагч, хохирогчийн болон жолоочийн даатгалтай холбоотой бусад бүртгэл, мэдээллийг хамруулах;

10.1.8.авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын бүртгэл, мэдээллийн санд тухайн төрлийн татварын бүртгэл, мэдээллийг хамруулах.

10.1.9.хяналтын төхөөрөмжийн хяналт, зохицуулалтын бүртгэл, мэдээллийн санд хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төхөөрөмжийн засвар, үйлчилгээний байгууллагын бүртгэл, ашиглалт, засварын түүх, картын бүртгэл, мэдээллийг хамруулах. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.2.Энэ хуулийн 10.1.1, 10.1.9-д заасан санг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, 10.1.2-т заасан санг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 10.1.4-т заасан санг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 10.1.3, 10.1.5-д заасан санг цагдаагийн байгууллага, 10.1.6-д заасан санг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 10.1.7-д заасан санг Санхүүгийн зохицуулах хороо, 10.1.8-д заасан санг татварын асуудал эрхэлсэн төрийн байгууллага тус тус хариуцан хөтөлнө. /Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болон түүний төрөлжсөн санг хөтлөх, уг сангаас мэдээлэл, лавлагаа өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Үндэсний зөвлөл батална.

10.4.Зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл, мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэлд үндэслэн жолоочийн зөрчлийн оноог тооцно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

10.5.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангаас иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 10.3-т заасан журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авч болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.