13 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
13.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах эрх эдэлнэ:
13.1.1.холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас замын хөдөлгөөнд хязгаарлалт буюу хориглолт тогтоосон шалтгаан, нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн аливаа техник хэрэгсэл, ажил, үйлчилгээний талаар мэдээлэл авах;
13.1.2.замын эвдрэл, гэмтлийг засах, бохирдол, цас мөс цэвэрлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардах.
13.2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ:
13.2.1.Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх;
13.2.2.зам тээврийн осолд өртсөн хүнд яаралтай анхан шатны тусламж үзүүлэх;
13.2.3.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
13.2.4.зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
13.2.5.замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх;
13.2.6.иргэн, хуулийн этгээд оршин байгаа газартаа хамаарах замын бохирдол, цас мөсийг цэвэрлэх;
13.2.7.эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
13.2.8.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар эрх бүхий этгээдээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
13.2.9.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэл, авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөх. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
13.3.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно.
13.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар дараах үүргийг хүлээнэ:
13.4.1.жолоочийн ажил үүргийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн зохион байгуулах;
13.4.2.жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг байгууллагын дотоод дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж хэрэгжүүлэх;
13.4.3.жолоочийг мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх боломжоор хангах;
13.4.4.жолоочийн замын хөдөлгөөний соёл, мэргэжлийн ур чадвар, ёс зүйн харилцааны зохицуулалтыг байгууллагын дотоод дүрэм, журамд тусган, хэрэгжилтийг хангах.
13.5.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХ