14 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх
14.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт, жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагааг тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрхийн шалгалт авах журмаар зохицуулна.
14.2.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтэд хяналт тавина. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.3.Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах болон шалгалтын хураамжийн хэмжээ, түүнийг зарцуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.4.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандарт, жолоодох эрхийн шалгалтын төвийн стандартыг стандартчиллын төв байгууллага батална.
14.5.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа тухайн мэргэжлийн сургалтыг удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагаар дараах ажил үүргийг гүйцэтгүүлж болно:
14.5.1.тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандарт, жолоодох эрхийн шалгалтын төвийн стандарт, сургалтын стандарт боловсруулах;
14.5.2.тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх, үйл ажиллагаанд нь үнэлгээ, дүгнэлт хийх;
14.5.3.жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааг зохион байгуулах.
14.6.Сургалт явуулах стандартын шаардлагагыг хангаагүй, эсхүл сургалтыг хангалтгүй зохион байгуулсан нь жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоох үндэслэл болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.7.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын онолын мэдлэгийг иргэн бие даан эзэмшиж болох бөгөөд дадлагын хичээлийн нийт багц цагийг дадлагын талбай, замын хөдөлгөөнд гүйцэтгэснээр жолоодох эрхийн шалгалтад орох эрх үүснэ.