14 дугаар зүйл. Албан татварт хасалт хийх
14.1.Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно:
14.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;
14.1.2.худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн;
14.1.3.албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэхээр өргөдөл гаргасан өдрөөс албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулсан болон бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;
14.1.4.мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан, үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, өндөг, арьс шир, хонь, тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг уг хувиар; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.1.5.үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна:
14.1.5.а.барилга, байгууламж 10 жилээр;
14.1.5.б.тоног төхөөрөмж 5 жилээр; /Үүнд хайгуулын үйл ажиллагааны зардал хамаарна./
14.1.5.в.энэ хуулийн 14.1.5.а,14.1.5.б-д зааснаас бусад үндсэн хөрөнгийг шууд.
/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.2.Энэ хуулийн 14.1.4-т заасан анхдагч түүхий эдийг импортоор оруулсан буюу худалдан авч дамжуулан борлуулсан бол төлбөл зохих албан татвараас хасалт хийхгүй. Хоршоо гишүүнийхээ энэ хуулийн 14.1.4-т заасан барааг дотоодын үйлдвэрлэгчид зуучлан борлуулсан бол дамжуулан борлуулсанд тооцохгүй. /Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
14.3.Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ.
14.4.Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ.
14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.
14.6.Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:
14.6.1.суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг;
14.6.2.хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;
14.6.3.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;
14.6.4.тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ;
14.6.5.ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ.
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.7.Суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийг худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулахаар өөрийн гэрээ, дүрэмд тусган түүний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар суутган төлөгчид энэ хуулийн 14.6.1 дэх заалт хамаарахгүй.
14.8.Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна:
14.8.1.дараагийн сар, улирал, жилд төлөх албан татварт шилжүүлэн тооцох;
14.8.2.хууль тогтоомжийн дагуу төсөвт төлөх бусад төрлийн татварын төлбөрт шилжүүлэн тооцох;
14.8.3.татвар төлөгчид буцаан олгох.
14.9.Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно.
14.10.Албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 13.1.3-т заасан этгээдэд бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд энэ хуулийн 14.6.3 дахь заалт хамаарахгүй.
/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.11.Албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 7.2.16-д заасны дагуу бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан гэрээний хуваарьт үндэслэж, хуваарийн дагуу төлсөн албан татварын дүнгээр хасалт хийнэ.