15 дугаар зүйл. Албан татварыг буцаан олгох

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Албан татварыг буцаан олгох

15.1.Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно:

15.1.1.албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.1.2.харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.Албан татвар төлөгчид дараах хэлбэрээр урамшуулал олгож болно:

15.2.1.энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварыг доор дурдсан хувиар буцаан олгох: /Энэ заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

15.2.1.а.албан татвар төлөгчийн албан татвар суутган төлөгчтэй хийсэн сарын 1,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 50 хувийг, 1,000,001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварын 20 хувийг; /Энэ дэд заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө../

15.2.1.б.албан татвар төлөгчийн албан татвар суутган төлөгчтэй хийсэн сарын 0-500,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 100 хувийг, 500,001-1,000,000 хүртэлх төгрөгийн худалдан авалтад төлсөн татварын 50 хувийг, 1,000,001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварын 20 хувийг. /Энэ дэд заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.2.сугалааны тохирлоор.

15.3.Албан татвар төлөгчид буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно:

15.3.1.албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх;

15.3.2.худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх;

15.3.3.албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх;

15.3.4.бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

15.4.Татварын алба нь энэ хуулийн 15.2.1-д заасны дагуу тухайн улиралд олгох буцаан олголтын дүнг дараа сарын 10-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15.5.Дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг буцаан олгоно.

15.6.Гадаад улсаас Монгол Улсад 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор аялж байгаа гадаадын иргэний хувийн хэрэгцээнд зориулж гаалийн нутаг дэвсгэрээс худалдан авсан бараанд төлсөн албан татварыг 100 хувь буцаан олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.7.Энэ хуулийн 15.5-д заасан буцаан олголт авах этгээд тухайн сард дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг буцаан авах хүсэлтээ холбогдох баримтын хамт дараа сарын 10-ны өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. /Энэ 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.8.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.7, 15.18-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.9.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргана. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.10.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1, 15.2.1, 15.5, 15.6-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.11.Энэ хуулийн 15.2.1-д заасан буцаан олгох татварын хэмжээг төлбөр тооцооны хэлбэрээс хамааруулж, 15.2.2-т заасан урамшууллын хэлбэр, түүнийг явуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.12.Энэ хуулийн 6.7-д заасан этгээд нь албан татварын хасалт хийлгэх буюу илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.13.Өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргасан бол албан татварыг сар бүр, бусад албан татвар төлөгчийн албан татварыг улиралд нэг удаа улсын төсвөөс буцаан олгоно. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.14.Буцааж олгох албан татвар болон урамшуулал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн сар, улирал, жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байна. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.15.Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15 дугаар зүйлийн 15.2-т заасан урамшуулал давхцахгүй. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.16.Албан татвар төлөгчийн импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварт энэ хуулийн 15.2 дахь хэсэг хамаарахгүй. /Энэ хэсгийн дугаарт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.17.Энэ хуулийн 15.6-д заасан буцаан олголтыг дараах нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд олгоно: /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.17.1.татварын албаны шаардлагад нийцсэн бүртгэлийн машин бүхий албан татвар суутган төлөгчөөс бараа худалдан авсан байх; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.17.2.худалдан авалт цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн байх; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.17.3.татварын албаны шаардлагад нийцсэн цахим төлбөрийн баримт авсан байх; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.17.4.буцаан олголт авах барааны төлбөрийн баримт дээрх худалдан авалт нь Засгийн газрын баталсан үнийн дүнгээс дээш байх; /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.17.5.барааг худалдан авснаас хойш 90 хоногийн дотор өөрийн биеэр улсын хилээр авч гарах. /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.18.Энэ хуулийн 15.6-д заасан иргэн олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсгээр гарсны дараа албан татвар буцаан авах хүсэлтийг гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.19.Энэ хуулийн 15.6-д заасан иргэнд олгох буцаан олголтын төлбөрийн баримтыг бүртгэх, түүнд хяналт тавих журам, барааны жагсаалт, буцаан олгох татварын хувь хэмжээ, энэ хуулийн 15.17.4-т заасан үнийн дүнг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./

АЛБАН ТАТВАРЫГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ТАЙЛАГНАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.