6 дугаар зүйл. Албан татвар суутган төлөгчийн бүртгэл

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Албан татвар суутган төлөгчийн бүртгэл

6.1.Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана.

/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.Харьяалах татварын алба энэ хуулийн 6.1-д заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно.

6.3.Энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 6.1, 6.2 дахь хэсэг хамаарахгүй.

6.4.Албан татвар суутган төлөгч нь зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчилсөн тохиолдолд албан татвар суутган төлөгчийн харилцаа, эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, гэрчилгээнд холбогдох өөрчлөлтийг оруулна.

6.5.Хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 5.2-т заасан орлогын 20 буюу түүнээс дээш хувьд хүрсэн бол албан татвар суутган төлөгчөөр сайн дураар бүртгүүлж болно.

6.6.Албан татвар суутган төлөгчөөр сайн дураар бүртгүүлэх тухай өргөдөл гаргах болон гэрчилгээ олгоход энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хугацаа нэгэн адил хамаарна.

6.7.Энэ хуулийн 6.2-т заасны дагуу албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэж, гэрчилгээг олгосноор тухайн албан татвар суутган төлөгч нь бүртгэлийн системд шууд бүртгэгдэнэ.

6.8.Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хүчингүй болгоно.

6.9.Албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн болон уг бүртгэлээс хасагдсан хувь хүн, хуулийн этгээдийн нэрийн жагсаалтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.

6.10.Албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан этгээд нь албан татвар суутган төлөгч байх үеийн үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

6.11.Энэ хуулийн 4.1.13, 4.1.14, 4.1.15, 6.2-т заасан падаан, баримт, гэрчилгээний загвар, албан татвар суутган төлөгч болон албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахтай холбоотой журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

АЛБАН ТАТВАР НОГДОХ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.