7 дугаар зүйл. Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ
7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:
7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;
7.1.2.гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;
7.1.3.Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ.
7.2.Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна:
7.2.1.эрх борлуулах;
7.2.2.албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 6.9-д заасан болон бусад үндэслэлээр албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан, түүнчлэн албан татвар суутган төлөгч хуулийн этгээд нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдах үед хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч болон албан татвар суутган төлөгч өөртөө бараа үлдээх;
7.2.3.нотариатын үйлчилгээ;
/Энэ заалтыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.2.4.өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаах;
7.2.5.оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;
7.2.6.цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, шуудан, харилцаа холбооны болон бусад үйлчилгээ үзүүлэх;
7.2.7.бараа түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
7.2.8.зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
7.2.9.үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;
7.2.10.шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, зохиогчийн эрхэд хамаарах бүтээл, программ хангамж, барааны тэмдэг, ноу-хау, хөрөнгийн мэдээллийг шилжүүлэх, түрээслүүлэх, худалдах;
7.2.11.эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, төлбөрт таавар, бооцоот тоглоом тоглуулах үйлчилгээ үзүүлэх;
7.2.12.Иргэний хуулийн Гучин есдүгээр бүлэгт заасан зуучлал /зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад/-ын үйлчилгээ үзүүлэх;
7.2.13.бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хүү, торгууль, алданги авах;
7.2.14.хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ;
7.2.15.төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал;
7.2.16.шаардах эрхийг худалдан авах замаар санхүүжилт хийх /факторинг, форфайтинг зэрэг тэдгээртэй адилтгах хэлцэл/;
7.2.17.өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ;
7.2.18.үсчин, гоо сайхан, засвар үйлчилгээ, угаалга, хими цэвэрлэгээ зэрэг энэ хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад бүх төрлийн үйлчилгээ.
7.3.Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад доор дурдсан нөхцөлийг хангасан байна:
7.3.1.тухайн этгээд нь энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу албан татвар суутган төлөгч байх;
7.3.2.борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх.
7.4.Энэ хуулийн 7.3.1-д энэ хуулийн 7.2.5 дахь заалт хамаарахгүй.
АЛБАН ТАТВАРЫГ НОГДУУЛАХ ЖУРАМ