105 дугаар зүйл. Хууль зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

105 дугаар зүйл. Хууль зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага

105.1.Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна.

105.2.Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна:

105.2.1.хууль биелүүлж ажиллахыг хаалттай болон нээлттэй сануулах;

105.2.2.албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

105.2.3.ажлаас халах;

105.2.4.нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.

Тайлбар: Энэ хуулийн 105.2.1-д заасан зөрчил гаргасан албан тушаалтанд өөрт нь ганцаарчлан сануулахыг хаалттай сануулах, нийтэд зарлаж сануулахыг нээлттэй сануулах гэж ойлгоно.

105.3.Албан тушаалтан хууль зөрчиж гаргасан захиргааны актаа хүчингүй болгосон тохиолдолд тухайн акт хувь хүнд чиглэсэн бол ганцаарчилсан уучлалт, харин хэд хэдэн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг хүчингүй болгосон тохиолдолд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэлээс аль нэгийг оногдуулахаас гадна энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тэднээс уучлалт хүснэ.

105.4.Энэ хуулийн 105.1, 105.2 дахь хэсгээс бусад зүйл, заалтыг зөрчсөн албан хаагчид Төрийн албаны тухай хууль, тус харилцааг нарийвчлан зохицуулсан холбогдох бусад хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.