67 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

67 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох

67.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Тайлбар: “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д 40 хүртэл хуудастай захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь, 40-өөс дээш хуудастай захиргааны хэм хэмжээний актын тухайд захиргааны хэм хэмжээний актыг баталсан шийдвэрийг эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулсан цахим холбоосын хамт нийтэлнэ. 40-өөс дээш хуудастай захиргааны хэм хэмжээний актыг баталсан захиргааны байгууллага хүсэлт гаргасан бол тухайн байгууллагын зардлаар “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтэлж болно. /Энэ хэсгийн тайлбарыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

67.2.Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

67.3.Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй.

67.4.Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна.

67.5.Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна.

67.6.Захиргааны хэм хэмжээний актыг үндэслэл болгох, хэсэгчлэн нийтлэх болон байгууллагын албан ёсны цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулахдаа улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр, дугаарыг заана.

67.7.Энэ хуулийн 67.1-д заасан “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсэн болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулсан захиргааны хэм хэмжээний акт цаасан эх хувьтай адил байна. Нийтэлсэн хувь болон цахим хувь зөрвөл цаасан эх хувийг баримтална. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.