10 дугаар зүйл. Галт зэвсэг эзэмших
10.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан ажилтан, байгаль хамгаалагчид харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага гэрээний үндсэн дээр албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд нь галт зэвсэг эзэмшүүлж болно.
10.2.Энэ хуулийн 10.1-д заасан харуул хамгаалалтын ажилтан, байгаль хамгаалагчид галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.
10.3.Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших, хадгалах журмыг спортын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
10.4.Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг цагдаагийн байгууллага зохион байгуулж, сургалтын зааврыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
10.5.Улс, олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцох буудлагын спортын тамирчинд энэ хуулийн 10.1-д заасан насны хязгаарлалт хамаарахгүй.