11 дугаар зүйл. Галт зэвсэг ашиглах

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Галт зэвсэг ашиглах

11.1.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган ашиглах эрхтэй. Иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ амь бие, эд хөрөнгийг араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно.

11.2.Нутгийн захиргааны байгууллагын шийдвэрээр золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг хот, суурин газарт галт зэвсэг ашиглан устгаж болно.

11.3.Нутгийн захиргааны байгууллага энэ хуулийн 11.2-т заасны дагуу шийдвэр гаргаж, ажиллах журмыг цагдаагийн байгууллагатай хамтран батална.

11.4.Галт зэвсэг өмчлөгч иргэн галт зэвсгээ энэ хуулийн 9.1-д заасан шаардлага хангасан иргэнд түр хугацаагаар ашиглуулж болно.

11.5.Хот, суурин газарт аюулгүй байдал хангасан буудлага үйлдэх байгууламж /тир/-д спорт-сургалтын буудлага хийж болно.

11.6.Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

11.7.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд зориулалтын буудлага үйлдэх байгууламж /тир/-тай байна.

11.8.Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн цагдаагийн төв байгууллага олгоно.

11.9.Спорт-сургалтын зориулалтаар ашиглах болон энэ хуулийн 16.6-д заасан төвийн буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавих шаардлагыг спортын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.