12 дугаар зүйл. Галт зэвсэг бүртгүүлэх
12.1.Иргэний зориулалттай галт зэвсэг худалдаж авсан, улсын хилээр оруулсан иргэн ажлын арван өдрийн дотор галт зэвсгээ байнга оршин суугаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
12.1.1.галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;
12.1.2.иргэний үнэмлэхийн хуулбар;
12.1.3.оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
12.1.4.тухайн иргэний гурван хувь цээж зураг;
12.1.5.галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;
12.1.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
12.1.7.өмчлөх галт зэвсгийн сумны хонгио, хошууны дээжийг шүүх шинжилгээний байгууллагын адилтгал, мэдээллийн санд бүртгүүлсэн тухай тодорхойлолт; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.1.8.галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээ;
12.1.9.энэ хуулийн 11.6-д заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас.
12.2.Энэ хуулийн 12.1-д заасан иргэнийг галт зэвсгээр гэмт хэрэг санаатай үйлдэж ял эдэлж байгаагүй талаарх тодорхойлолтыг цагдаагийн байгууллага гаргаж, энэ хуулийн 12.1-д заасан баримт бичигт хавсаргана.
12.3.Харуул хамгаалалтын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд галт зэвсэг худалдан авсан, эсхүл улсын хилээр оруулсан бол ажлын арван өдрийн дотор хуулийн этгээдийн оршин байгаа газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлэх бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
12.3.1.галт зэвсэг бүртгүүлэхийг хүссэн албан бичиг;
12.3.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
12.3.3.галт зэвсгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг;
12.3.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
12.3.5.өмчлөх галт зэвсгийн сумны хошуу, хонгионы дээжийг шүүх шинжилгээний байгууллагын адилтгал, мэдээллийн санд бүртгүүлсэн тухай тодорхойлолт; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.3.6.галт зэвсэг хадгалах байрын дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, сум хадгалах шүүгээ /сав/-ний нарийвчилсан зураг, танилцуулга;
12.3.7.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тухайд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
12.3.8.спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;
12.3.9.байгаль хамгаалагчийн тухайд ажиллаж байгаа албан байгууллагын тодорхойлолт;
12.3.10.ажилтны галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээ.
12.4.Шүүх шинжилгээний байгууллага энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан галт зэвсгээр буудсан сумны хонгио, хошуу тус бүрээс хоёрыг дээж болгон авч, тухайн галт зэвсэг болон түүнийг эзэмшигчийн талаарх мэдээллийг нэгдсэн санд бүртгэн оруулсны дараа цагдаагийн байгууллага ажлын таван өдрийн дотор галт зэвсгийг бүртгэх, галт зэвсгийн гэрчилгээ олгох эсэх асуудлаар шийдвэр гаргана. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.5.Монгол Улсын хилээр нийтэд худалдах зорилгоор оруулсан иргэний зориулалттай галт зэвсгийг худалдан борлуулахаас өмнө шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлэн буудлага үйлдүүлж, сумны хонгио, хошууг нь мэдээллийн нэгдсэн санд авч бүртгүүлэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.6.Галт зэвсэг өмчлөгч иргэн оршин суугаа газрын хаягаа өөрчилсөн бол нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэж галт зэвсгээ бүртгэлээс хасуулж, шилжин очсон газрынхаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын арван өдрийн дотор бүртгүүлнэ.
12.7.Харьяа сум, дүүрэгт шилжин ирсэн иргэний галт зэвсгийг бүртгэлд авсан талаар тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шилжүүлсэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад ажлын арван өдрийн дотор мэдэгдэнэ.
12.8.Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу галт зэвсгийн өмчлөгч өөрчлөгдсөн бол энэ хуульд заасан журмын дагуу бүртгэлд өөрчлөлт оруулна.
12.9.Цагдаагийн байгууллага нь нийтэд худалдах зорилгоор импортолсон, худалдсан, тээвэрлэсэн болон иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж байгаа галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, загвар, тоо ширхэгийн талаар тусгасан мэдээллийн нэгдсэн сантай байна.
12.10.Энэ хуулийн 12.9-д заасан мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, үнэлэн шинжлэх, ашиглах, шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөхтэй холбогдсон харилцааг Цагдаагийн албаны тухай хуулийн 61.6-д заасан журмаар зохицуулна.
/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.11.Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн мэдээг тухай бүр цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.